Klaus.cz






Hlavní strana » Dokumenty » Уур амьсгалын тамаас эмээх…


Уур амьсгалын тамаас эмээх учиргүй

Dokumenty, 22. 11. 2022

Чех жуулчдын сайн мэдэх Египетийн Шарм Эль-Шейх амралтын газар дэлхийн дулааралд хүн буруутай гэдэгт итгэдэг хүмүүсийн сунжруу уулзалт үргэлжилж байна. Ногоон үзэл сурталтнууд татвар төлөгчдийн мөнгийг үрж, 27 дахь удаагийн бага хурлаа зохион байгуулсан нь энэ ажээ.

Сүүлчийн хурал нь яг жилийн өмнө Шотландын Глазго хотод болсон. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэх сэдэв 40 гаруй жил яригдаж байна. Гэвч шинжлэх ухаан болон үзэл суртлын ялгааг олж ялгахад тийм ч хэцүү биш ээ. Шинжлэх ухааны илүү нухацтай судалгаанууд нь дэлхийн дундаж температурын өсөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ялгарсан нүүрсхүчлийн давхар ислийн хооронд шууд хамаарал байгаа гэх таамаглалыг няцаадаг. Гэтэл үзэл сурталтнууд, идэвхтнүүд, улстөрчид, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн баг (IPCC) гэж өөрсдийгөө нэрлэдэг цөөн тооны эрдэмтэд хүн л буруутай гэж мэтгэнэ. Энэ хүмүүс улс төрийн болон хэвлэл мэдээллийн салбарыг ашиглан өөрсдийн эргэлзээтэй үнэнийг ятган үнэмшүүлж чадсанаар эдүгээ дэлхий даяар албан ёсны номлол мэт сонсогддог болжээ. Энэ номлол нь тун маргаантайгаас гадна хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлөх онц аюултай үзэл суртал юм.

Өнөөдөр нүүрлэсэн эрчим хүчний хямрал, эрчим хүчний үнэ огцом нэмэгдсэний шалтгаан нь ч энэ мөн. Энэ үзэл зөвхөн нэг талтай. Энэ үзэл суртал нь эрүүл шүүмжлэл, баримт нотолгоог хүлээн зөвшөөрдөггүй. Энэ номлолоо тэд хамгийн хүчтэй утга агуулга бүхий үгсээр илэрхийлдэг. Өнгөрсөн Даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн тавьсан илтгэл үүнийг нотолж байна. Тэрбээр “хүн төрөлхтөн оршин тогтнолынхоо төлөө тэмцэж, ялагдахад хүрсэн” гэж хэлсэн. Энэ бол худлаа. Эх дэлхий оршин тогтнолынхоо төлөө амь эрссэн тэмцэл өрнүүлээгүй, ялагдсан гэдэг ч худлаа. Өнөөгийн инфляцын хамгийн том шалтгаан болох эрчим хүчний өсөлтийн улмаас зүдэрч буй жирийн хүмүүс бол жинхэнэ ялагдагсад юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүр цаашлаад “дэлхий уур амьсгалын там руу замнаж байна” гэж хэллээ. Олон түмнийг айлгаж, цочоох мэдээлэл түгээснийх нь төлөө НҮБ-ын даргын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юу?  Өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ширүүн маргаан өрнөж байсан ч гэсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга шиг ийм айхтар үгс хэлсэн улстөрч гараагүй.

Хорьдугаар зуунд дэлхийн дундаж температур Цельсийн 0,7 градусаар нэмэгдсэнийг энэ сэдвийг сайн судалсан хүмүүс мэддэг. 1998-2015 оны хооронд дэлхийн дундаж температур нэмэгдээгүй гэдгийг ч бид мэднэ. Өөр олон зүйлсийг ч бид мэднэ. Тийм ч учраас бид уур амьсгалын тамд очно гэх айдас хүйдэс төрүүлэм мэдэгдлийг эсэргүүцэх ёстой юм.

Өмнөх зуунуудад хүн төрөлхтнийг зовоож байсан Бага Мөстлөгийн үеэс хойших өнгөрсөн хоёр зуун жилд температур нэмэгдэж буйг эрүүл ухаантай ямар ч хүн үгүйсгэхгүй. Гэхдээ манай эх дэлхий урт хугацаандаа ямар нэгэн зүйлийг чиглэж байгаа бол тэр нь дулаарал биш, жинхэнэ мөстлөгийн үе байх болно. Гэвч бид үүнээс айж эмээх учиргүй ээ. Учир нь хэдэн мянган жилийн дараа л Мөстлөгийн үе тохионо.

Одоогийн байдлаар бид хүнд ээлтэй, тааламжтай температурын өсөлтийг мэдэрч байгаа ч гэсэн миний сэтгэл зүрхэн дэх цаначин хүн маань цас багасна гэдгээс эмээж байж магад. Цаг уурчдын мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сард Бүгд Найрамдах Чех улсын нутаг дэвсгэрт цас унаагүй нь өнгөрсөн зуун жилийн хугацаанд ердөө гурав дахь тохиолдол нь байжээ. Гэтэл 11 дүгээр сарын эхний амралтын өдрүүдэд их цас уналаа.

Хүн төрөлхтөн бид тамаас айх хэрэггүй ээ. Бид харин зарим хүмүүсийн амнаас гарч буй үгс, зан авирт санаа зовних нь чухал. Учир нь биднийг нүүрсхүчлийн давхар исэл биш, харин тэд л айдас хүйдэс төрүүлж байна.

Вацлав Клаус, 2022.11.09

vytisknout

Jdi na začátek dokumentu